Б.МӨНХЖАРГАЛ: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТҮҮХИЙГ ХАРАХ ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН БИЙ БОЛНО

Share Share
Date : 7 жил, 6 сар өмнө Views : 2185


Орон нутагт авто үйлчилгээний ангилал тогтоож эхэлсэнтэй холбогдуулан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

Авто үйлчилгээний талаар мэдээлэл мэдээлэл өгнө үү?

- Зам тээврийн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 90 дүгээр тушаалын дагуу Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам шинэчлэгдэн батлагдсан. Авто үйлчилгээ гэдэг нь авто тээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах бүхий л үйл ажиллагааг хэлнэ. Үүнд тээврийн хэрэгслийн агрегат, кузов, дугуй засвар, авто цахилгаан, гагнуур зэрэг авто машинтай холбоотой засвар.

Тээврийн хэрэгсэл хадгалах авто зогсоол, авто угаалга, авто худалдаа, сэлбэг хэрэгсэл худалдаа, тос тослогооны худалдаа тэр бүү хэл суудлын бүрээс, авто машины доторлогоо үүнд бүгд хамаарагдана. Тээврийн хэрэгслийн тоо өсөхтэй зэрэгцэн тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ эрхлэх, сэлбэг материалаар хангах үйлчилгээ эрхлэгчид олноор бий болж байгаа юм.

Авто үйлчилгээ эрхлэгчдийн дийлэнх хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид бий гэсэн энэ талаар?

- Авто үйлчилгээ эрхлэгчдийн 70 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид байгаа бол гучин хувь нь аж ахуйн нэгж байгууллагын хэлбэртэй байна.Энэ олон хувь хүмүүс, авто үйлчилгээний байгууллагууд чанаргүй үйлчилгээ үзүүлэх, шаардлага хангахгүй сэлбэг хэрэгслээр үйлчлэх зэрэг зөрчил дутагдал олон байгаа нь нууц биш. Хамгийн гол нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан зам тээврийн осол, аюул учрах эрсдэлтэй.

Мөн тухайн үзүүлсэн үйлчилгээндээ баталгаа гаргаж өгдөггүй, мэргэжлийн бус хүмүүс засвар үйлчилгээ эрхлэх болсноор иргэдийн сэтгэл ханамж буурах, энэ хэрээр гаднын хөрөнгө оруулагчид тухайн зах зээлийг эзлэх зэрэг сөрөг хандлага гарч болзошгүй. Мөн үйлчилгээний чанар, баталгаат хугацаа зэргээс үүдэн үйлчлэгч үйлчлүүлэгчдийн хоорондын маргаан ихээр гарах асуудал үүсдэг нь өнөөдөр нууц биш байна шүү дээ. Зориулалтын бус байранд үйл ажиллагаа эрхэлж байгаагаас ашиглагдсан шатахуун, тосолгооны материалыг дурын газар асгах, устгах зэргээр хүрээлэн буй орчныг ч бохирдуулж байна.

“Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоосноор иргэдэд ямар давуу тал, боломж олгож байгаа вэ?

- Манай хэлтэс чиг үүргийн хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй авто үйлчилгээ эрхлэгчдэд A,B,C хүрээний ангилал тогтоож байна. Автотээврийн тухай хуулинд зааснаар тухайн үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг стандарт хэмжил зүйн мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж, баталгаажуулах гэж заасан боловч өнөөдрийн байдлаар авто үйлчилгээний байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан, нэгдсэн үнэ тариф стандартын шаардлага хангасан ажлын байр, мэргэжлийн боловсон хүчин туйлын хангалтгүй байна.

Техник, технологи хурдацтай хөгжиж автомашины хийц улам нарийсаж, өндөр үнэтэй болсон нь түүний үйлчилгээ засварын мэргэжлийн байгууллага, нарийн мэргэжлийн инженер техникийн ажилчид гүйцэтгэх зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байгаа юм.

Гэтэл манай улсад засвар үйлчилгээний чиглэлээр 3000 гаруй ААН, иргэд үйл ажиллагаа эрхэлж байгаа гэх тоо байгаа боловч төрөөс ямар нэгэн зохицуулалт байхгүй явж ирсэн.

Авто үйлчилгээний үйл ажиллагааг журмаар зохицуулснаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн хүндрэл гарах уу ?

- Мэдээж авто үйлчилгээний байгууллагуудын хувьд олон жил зохицуулалтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн, энэ байдалдаа дасал болсон тул эдгээр үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлага нэмэгдэх хэрээр үйлчилгээ үзүүлэгчдэд тодорхой хүндрэл учирна. Зориулалтын бус байр талбайд, мэргэжлийн бус хүмүүс үйл ажиллагаа явуулах боломжгүй болно.

Гэхдээ журмыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, инженер техникийн ажилчдын чадамжид суурилсан богино хугацааны сургалтаар мэргэжилтэй болгох, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулснаар иргэдийн хувьд ажлын байргүй болох эрсдэл гарахгүй.

Эхний ээлжид бид бүхэн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа авто үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоох ажлыг цахимаар зохион байгуулахаар ажиллаж байна.

Цаашид нэгдсэн цахим мэдээллийн санд холбогдсоноор иргэд машин худалдан авахдаа тухайн машин нь өмнө нь аль засварын газар ямар үйлчилгээ хийлгэж байсныг бүрэн мэдэх боломжтой болох юм. Мөн тухайн Авто үйлчилгээний байгууллага хийсэн засвар, үйлчилгээндээ БАТАЛГАА гаргаж өгөх юм. Аль болох л хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс хйигдэж байгаа ажлууд юм.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн машины засварын түүхийг хардаг боломж бүрдэнэ гэж байсан энэ талаар?

- Энэ бол олон улсын жишиг юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний мэдээллийн сан” гэж байна гэж заасан.

Энэ нь энгийнээр тайлбарлавал тухайн тээврийн хэрэгслийн хэр зэрэг засвар, үйлчилгээ хийлгэж байсан бүр цаашлаад ямар засварын газраар хэн гэдэг засварчнаар ямар засвар, үйлчилгээ хийлгэж байсан, аваар, осолд орж байсан уу үгүй юу мөн аваар осолд ороод даатгалаас ямар хэмжээний нөхөн төлбөр авч байсан болон байгалийн ямар нэгэн гамшигт өртөж байсан зэрэг мэдээллийг нэгтгэсэн сан бүрдэх юм.Энэ мэдээллийг иргэд авах бүрэн боломжтой болох юм.

Ингэснээр иргэд авто машин худалдаж авах гэж байлаа гэхэд тухайн тээврийн хэрэгслийнхээ талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл авах боломжтой юм.

Авто үйлчилгээ эрхлэгчдийн тухайд?

- Журмын хэрэгжилтэд учирч болох саад, бэрхшээлүүдийг бид бүхэн тооцоолж байгаа. Мэдээж авто үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг ч гэсэн тооцоололгүй яах вэ, тав тухтай тохилог орчинд хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах тэр нөхцөл бололцоогоор нь хангаж өгье.

Шударга өрсөлдөөний зарчмыг баримталъя л гэж уриалаад байгаа юм. Техникийн засвар, үйлчилгээ эрхлэгчдийн ур чадвар, мэргэжлийн төвшний хангалтгүй байдал, инженер техникийн ажилчдыг сургах, дадлагажуулах сургалтын тогтолцоо бүрдүүлэх зэрэг бүхий л талаар нь анхаарч ажиллана.

Авто үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг төрөлжүүлэн хөгжүүлснээр тухайн үйлчилгээгээр мэргэшсэн чанартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдал сайжрахаас гадна үйлчилгээний чанар сайжирч иргэд үйлчлүүлэгчдийн эрхийг зөрчигдөхөөс хамгаалах чанартай үйлчилгээ авах боломжтой болно. Иргэд чанартай найдвартай үйлчилгээ авснаар тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа нэмэгдэн эдийн засгийн хэмнэлт гарах юм.