ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ОНЦЛОХ 25 ЗААЛТ
Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж, тун удахгүй УИХ-д оруулах гэж байна. Зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-ын албан ёсны вэбсайт дээр нийтэлжээ. Уг хуулийн төслөөс иргэдийн түгээмэл гаргадаг зөрчлүүд болон түүнд холбогдох 25 торгуулийг шүүж бэлтгэлээ.
Хуульд торгуулийн “1нэгж=1,000 төгрөг” байхаар заажээ. Хуулинд хувь хүнийг дээд тал нь 20 сая төгрөг, харин хуулийн этгээдийг 200 сая төгрөг төгрөгөөр торгох заалтууд бий.
Уг төсөлд шүлсээ хаях, хог хаях, биедээ хутга авч явах, хүний биед хохирол учруулахгүйгээр халдах, олон нийтийн сүлжээгээр гүтгэх, орон сууцанд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, төмөр замын гарамгүй газраар гарах, дархлаажуулалтад хамрагдахгүй байх, автомашин жолоодож байхдаа огцом тоормослох, хэт удаан явах, иргэний үнэмлэхээ барьцаалах гээд иргэдийн өдөр тутмын амьдралд гардаг зөрчилд торгууль оногдуулахаар хуульчилсан байна.
Хуулийн төсөлд 17 бүлэгт хамаарах 1,600 гаруй төрлийн зөрчлийг тусгажээ.
- Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дураараа өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулсан, эсхүл цалин хөлс орлуулж олгосон, эсхүл төрийн өмчит, эсхүл төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын, эсхүл орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эмчийг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, үр дүнгээр урамшуулах, түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Зам, эсхүл замын байгууламж дээр автомашин угаах, худалдаа наймаа хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- 3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Жолооч шаардлагагүй үед огцом тоормосолсон, эсхүл аюултай нөхцөл үүсгэсэн, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсхүл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Төрийн бэлгэ тэмдгийг үйлдэх, дүрслэхдээ хуульд заасан хэмжээ, харьцааг алдагдуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Жич: Энэ хуулийн төсөл батлагдаагүй бөгөөд УИХ-аар хэлэлцэгдэж дууссаны дараа батлагдана. Хэлэлцүүлгийн үед өөрчлөгдөх боломжтой гэдгийг анхаарна уу.