Тормозны системийн тухай

Share Share
Date : 7 жил, 6 сар өмнө Views : 4615

Тормозны систем нь автомашины идэвхтэй аюулгүй байдлын нэг чухал хэсэг болдог. Ердийн тоормосны системийн тусламжтайгаар автомашины бүх дугуйг тэнцүү удаашралтай болгох бараг боломжгүй юм. Дугуйн тоормосны цилиндрүүдийн шахах хүч адилхан байлаа ч гэсэн дугуй болон замын барьцалт жигд байж чаддаггүй. Ялангуяа хальтиргаатай зам дээр энэ нь илт мэдрэгддэг. Үүнийг зохицуулахын тулд эргэлтийн тэнцүү биш байдлыг мэдэрч дугуйн тоормосны цилиндр бүрийн хүчийг автоматаар тохируулах хэрэгтэй. 1970-аад оны сүүлчээр дугуй түгжигдэхийн эсрэг системийг ABS суудлын автомашинуудад цувралаар тавьж эхэлсэн. ABS системийн ашиглалтын туршлага хуримтлуулахын хирээр автомашины хөдөлгөөнийг удирдах шинэ аргууд гарч ирэх болсон. Нойтон болон мөстсөн гадаргуутай зам дээр осол гарах нь элбэг байдаг. Учир нь тоормослох үед шарвалт юм уу, гулсалт бий болох, огцом хурд авах үед хөтлөх дугуй хий эргэх зэрэг шалтгааны улмаас автомашины удирдлага алдагддаг. Автомашин гүнзгий цастай болон элстэй шавартай замаар явахад хөтлөх дугуй хий эргэх асуудал тулгардаг. Ийм асуудлыг шийдэх зорилгоор орчин үеийн автомашинд өөрийнхөө үүргийг автоматаар биелүүлдэг тоормосны системийг удирдах төхөөрөмжүүд суурилуулах болсон. Эдгээрт /герман хэлний нэрээр нь товчилж хэрэглэх болсон/


1. ABS – Antiblock Bremsysmem – дугуй түгжигдэхийн эсрэг тоормосны систем

2. EDS – Elektronen Diffrential System –хөтлөх тэнхлэгийн дифференциалыг түгжих систем

3. EBV – Elektronen Bremse Variation – тоормосны хүчийг автомашины урд болон хойд тэнхлэгүүдийн хооронд дахин хуваарилах систем

4. ASR – Asistanse stabilitu Rucken, DSA – Dynamic Stability Assistanse – хөтлөх дугуйн хий эргэлтийн эсрэг систем ABS болон EBV систем нь шарвалт болон гулсалтгүй алгуур тоормослох нөхцөлийг хангадаг бол EDS болон ASR систем нь хурд авах болон байрнаас хөдлөх үед машины хөдөлгөөний тогтвортой ажиллагааг хангадаг байна. Хөдөө орон нутгийн замаар хурдтай явах үед хавар, өвлийн улиралд ялангуяа замын гадаргуу нийтдээ мөстөлттэй үед буюу хэсэгчилсэн мөстөлттэй үед /ABS,EBV,EDS, ASR/ системүүд үйлчилж буй нь жолоочид мэдэгддэг. ABS болон EBV систем нь шарвалт болон гулсалтгүй алгуур тоормослох нөхцөлийг хангадаг бол EDS болон ASR систем нь хурд авах болон байрнаас хөдлөх үед автомашины тогтвортой ажиллагааг хангана.


Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төрлүүдэд та бүгд автомашиныхаа дугуйн ерөнхий төлөв байдлыг маш сайн нягталж шалгуулж байх хэрэгтэй. Үүнд, дугуйн хийн даралтыг шалгах, мөн дугуйныхаа хээ болон түүний элэгдлийг шалгах, нэг тэнхлэг дээр 2 өөр хээтэй буюу хийн даралт нь өөр дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг хичээх хэрэгтэй. Дугуйн даралт нь машины төрлөөс хамааран урд хойд тэнхлэг нь өөр өөр байдаг.