Хятадын Tencent Америкийн Tesla-гийн 5 хувийг худалдаж авлаа
Хятадын сошиал сүлжээний хамгийн том платформыг эзэмшигч Tencent компани цахилгаан автомашин үйлдвэрлэлийн өрсөлдөөнд нэгдэж байгаагаа АНУ-ын Tesla компанийн хувьцааны 5 хувийг $1.8 тэрбумаар худалдаж авч харууллаа.
Гуравдугаар сарын 17-нд тэд Tesla-гийн 8.2 сая хувьцааг нээлттэй зах зээлээс худалдаж авах саналаа зарлаж байсан юм. Тэгвэл энэ худалдан авалт нь амжилттай болсныг АНУ-ын Үнэт цаасны Зөвлөл өчигдөр зарлажээ.
Ингэснээр Хятадын компани нь Tesla-гийн тав дахь том хувь эзэмшигч болж байна. Tesla компани нь жилийн $5 тэрбумаас дээш орлоготой, ирэх хоёр жилд органик өсөлт нь 20 хувь орчим байх АНУ-ын есөн нээлттэй компанийн нэг гэж Bernstein Research компани үзэж байгаа юм.
Tesla компанийн зах зээлийн үнэлгээ $45 тэрбум байгаа бол өрсөлдөгч General Motors $52 тэрбум, Ford $46 тэрбум, BMW $54 тэрбум байна.
Хятадын сошиал сүлжээний QQ, WeChat платформуудыг эзэмшдэг Tencent компани анх удаагаа цахилгаан машины салбарыг сонирхоогүй. Тэд 2015 онд Шанхайн NextEV компанид хөрөнгө оруулж байжээ.