Яагаад хөдөлгүүрийн тос хурдан харладаг вэ?
Юуны өмнө энэ сэдвийг бичих сэдэл өгсөн үйлчлүүлэгчдээ баярлалаа ). Нэг өдөр манай сервис дээр ирсэн үйлчлүүлэгч энэ сэдвээр асуусан юм. Ерөнхийдөө бол энэ нь асуулт биш харин “Танайхаар сайн гэж солиулсан тос 2000 хүрэхгүй яваад харлачихлаа, мэддэг хүн надад хуурамч, маш муу тос хийсэн байна гэсэн, яахаараа танайх хулхи бараагаар үйлчлүүлэгчээ хуурдаг юм гээд л манайханд гомдоллож өгөв. Би ч үйлчлүүлэгчээ тайвшруулж учрыг нь сайн тайлбарлаж өгсөн. Тэгээд хэлж ирж байгаа нь нэг ч хэлэхгүй дотроо бодож байгаа нь олон байх гэж бодсоны үүднээс хөдөлгүүрийн тос яагаад харладаг вэ, хамгийн чухал нь юунаас шалтгаалдаг талаар автомашин хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ ойлголт өгье гэж бодлоо.
Ингээд, яагаад хөдөлгүүрийн тос харладаг вэ?
Хамгийн эхнээс нь буюу тосноос эхлэе. Орчин цагийн ямар ч хөдөлгүүрийн тос өөрийн найрлагандаа олон янзын үүрэгтэй төрөл бүрийн чанар сайжруулах нэмэлт хольц агуулж байдаг. Эдгээрт үрэлтийг багасгах, халуун хүйтний температурт тосолгооны шинж чанарыг хадгалах, зэврэлтээс хамгаалах гэх мэт олон янзын үүрэг байдгийн дотор “Шүлт” гэж байдаг. “Шүлт” нь хөдөлгүүрийн тосны зайлшгүй хэрэгцээт элементүүдийн нэг бөгөөд хөдөлгүүр ажиллаж байх үед тосны систем рүү орох хүчлийг саармагжуулж, хөдөлгүүр дэх тортог, нагар болон бусад хог бохирыг цэвэрлэж байдаг.
Хэрэв хөдөлгүүрийн тосон дахь шүлтийн нэмэлт бодис байхгүй бол хөдөлгүүрт юу болох вэ?
Хариулт маш энгийн – Хөдөлгүүрт түлшний дутуу шаталтаас бий болох тортог, нагар мөн зэврэлт, тосолгоо муутай тосноос улбаалж эд ангийн үрэлтээс үүсэх төмрийн үртэс гэх мэт бохир хуримтлагдаж улмаар хөдөлгүүр хурдан хуучирч элэгдэнэ. Эдгээр бохир нь хэр их хуримтлагдахаас хамаарч автомашины хөдөлгүүр муудна. 1-рт “бохир” хуримтлагдсан тэр хэсэгт тос бага хүрч хөдөлгүүр дэх эд ангийн үрэлтийн зангилаануудыг тосолж чадахгүй болсноор мотор “будаа” болно. 2-рт хөдөлгүүр ажиллаж байх үеийн дулааны горим алдагдана. Үүний уршгаар тус хэсэгт хэт халалт үүсч, хөдөлгүүрийн эд анги эвдэрнэ.
Бас хичнээн өндөр шүлтийн бодистой тос хийлээ ч тосоо солихгүй удвал үр дүн дээрхтэй ижил байна. Хөдөлгүүр хэдий чинээ бохирдолттой байна төдий чинээ моторын тосон дахь шүлтийн нэмэлт бодис буюу цэвэрлэх шинж чанар хурдан хуучирч, хамгаалалтын шинж чанар багасдаг. Үүнийг цамц угаахтай зүйрлэж болно. Та маш сайн чанарын угаалгын нунтагтай байсан ч хэрэв угаах усаа солихгүй бол эхний цамц маш сайн угаагдана, 2 дахь нь дунд зэрэг, 3 дахь цамцны хир муу арилж, гэх мэтээр сүүлийн цамц бохирдсон усандаа хичнээн угаагаад нэмэргүй болохтой адил юм.
Хөдөлгүүрийн тос удаан хугацаанд харлахгүй байвал юу гэж ойлгох вэ? Үүнд хариулах 2 вариант байна.
1-рт таны машины хөдөлгүүр тань шинэхэн бөгөөд тосыг бохирдуулах юу ч байхгүй.
2-рт таны машины хөдөлгүүр дэх моторын тосны цэвэрлэх нэмэлт бодис бага хэмжээтэй байна.
Энэ муу юу эсвэл сайн уу?
Залуу үедээ итгэлтэйгээр, үнэгүй зөвлөгөө өгдөг “Туршлагатай” эртний жолоочид сайн хөдөлгүүрийн тос хичнээн явсан ч харлах ёсгүй бараг л “9-ийн тос” шиг хэвээрээ байх ёстой, ядаж л 10’000км явж байж харлах ёстой гэж итгэдэг. Хаанаас тийм бодол орж ирэв? Өнгөрснөөс! Хэзээ ч юм эрт үед хөдөлгүүрийн тоснууд одоо үеийнх шиг чанартай биш байсан нь тодорхой. Тэр үед сайн тос нь муугаасаа арай удаан харлаж, бохирддог байж. Энэ үзүүлэлтээр л нөхөд тосоо солих хугацааг баримжаалдаг байж. Өөрөөр хэлбэл тос пад хар боллоо - тос солих цаг болж. (Дээр үед мотор цохих боох гэдэг ...). Бүр хямд тос нь 500км яваад л харладаг байж. Тос нэмэлт хольцоос бус харин чанар муугаасаа болж хурдан харладаг байсан тэр үе бол ойлгомжтой.
Хурдан харладаг тос- муу тос гэсэн тэр үеийн харах өнцөг өнөөг хүртэл хадгалагдсаар ирснийг одоо цагт мартах хэрэгтэй.
Орчин цагийн хичнээн явсан ч цэвэр шар байдаг эсвэл олон км явж байж харладаг хөдөлгүүрийн тосыг хүмүүс сайн гэж боддог нь буруу. Эсрэгээрээ энэ нь тос хөдөлгүүрийг цэвэрлэж чадахгүй байна гэсэн үг.
Харин одоо цагийн харлаж байгаа тос нь хөдөлгүүр эд ангийн гадаргуу дээр нагар бохирыг наалдуулахгүйгээр задалж өөртөө шингээж, хүчлийн үлдэгдлийг металл эд ангиудтай урвалд оруулахгүй сааруулж, элэгдэл, зэврэлтийг өөртөө шингээж байдаг. “Мөнхийн шинэ” хөдөлгүүрийн тос нь дээрх үүргийг огт биелүүлэхгүй байна гэсэн үг. Жолоочид маань машины моторын шупэн дээр наалдсан тунгалаг шар тосыг харах нь таатай байдаг ч хөдөлгүүрээ эрүүл байлгах үүднээс энэ нь буруу.
Яагаад хөдөлгүүрийн тос харилцан адилгүй хугацаанд харладаг вэ?
Моторын тосны харлах нь хөдөлгүүр доторхи бохирдол болон тосны найрлаганд хэр их цэвэрлэх нэмэлт бодис байна вэ гэдгээс шалтгаална. Хэрэв та машиныхаа тосыг хугацаанд нь солихгүй удах эсвэл муу тос хийх нь тоос тортог, нагар, эд ангийн элэгдлээс үүсэх төмрийн үртэс, зэврэлт зэргийг хуримтлагдах гол эх үүсвэр болдог.
Мотор дахь бохир их байх тусам- хөдөлгүүрийн тос амархан харладаг нь энэ бохирыг хөдөлгүүрийн эд ангиас өм цөм салгаж өөртөө идэж шингээж байна гэж ойлгож болох юм. Нөгөө талаас өм цөм иднээ гэдэг нь тэр хэмжээгээрээ тосонд цэвэрлэх нэмэлт бодис агуулагдаж байгаа гэж ойлгож болох нь.
Өөрөөр хэлбэл хэрэв хөдөлгүүр дундаж хэмжээний бохирдолттой байлаа гэж бодоход харин тос нь бага шүлтийн агууламжтой бол хөдөлгүүрийг бохирдлоос муу салгана гэсэн үг. Хэрэв тос шүлтийн өндөр агууламжтой бол 200-300 км дотор л тос харлана. Хөдөлгүүрт хэдий чинээ бохир байна, мөн төдий чинээ шүлт ихтэй тос байна, тэр хэмжээгээрээ хурдан харлана.
Шүлтийн нэмэлт бодис ихтэй тос хийгээд хурдан харлачихлаа, одоо солих хэрэгтэй юу?
Үнэндээ бол орчин цагийн тосонд хурдан харлалаа гээд тэр дор нь дахин шинэ тос хийх шаардлага огт байхгүй. Мэдээж шинэ тос ойрхон хийх нь түрийвчэн дэх хэдээ эс тооцвол хөдөлгүүрт тааламжтай байлгүй яахав. Гэхдээ тос солих ёстой хугацаандаа буюу 5000-7500км тутамд, эсвэл байнга явдаггүй бол хавар, намартаа солиход ямар ч асуудалгүй.
Харин шүлтийн өндөр агууламжтай тос нь хөдөлгүүрийн бохирдлоос хамаараад хуучирч, бага зэргийн ширгэлт явагддаг. Гэхдээ мэдээж хөдөлгүүрээ бөглөрүүлж байснаас бага зэрэг нэмчихсэн нь дээр шүү дээ. (Машин тос идэх, гоожихыг эс тооцвол)
Энэ бүгдээс бид дараахи дүгнэлтийг гаргаж болох нь:
1-рт Орчин цагийн чанартай хөдөлгүүрийн тос харланаа гэдэг нь тэр тос сайн ажиллаж, зэв, үртэс, нагар, тортог зэргийг сайн цэвэрлэж үүргээ маш сайн гүйцэтгэж байнаа гэсэн үг.
2-рт хөдөлгүүрийн тосны эрчимтэй харлах нь автомашины хөдөлгүүрийн бохирдлоос хамаарна. Хэрэв хөдөлгүүр бохир бол хурдан харлаж, цэвэр бол удаан харлана.
3-рт чанартай, цэвэрлэх шинж чанар өндөр хөдөлгүүрийн тосыг 5000-7500км дотор сольж байх хэрэгтэй.
Иймээс хэрэв таны хөдөлгүүр дэх моторын тос хурдан харласан бол айх зүйл байхгүй, тос ажиллаж байна, үүргээ сайн гүйцэтгэж байна, хөдөлгүүрийг тань цэвэрлэж шинэ байлгахад хувь нэмрээ оруулж байна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс сайн чанарын хөдөлгүүрийн тосыг хугацаанаас нь хэтрүүлэлгүй сольж байхад л хангалттай – Таны автомашины хөдөлгүүр урт удаан наслана.
Нэмж хэлэхэд цэвэрлэх шинж чанар сайтай хөдөлгүүрийн тос хийж дагнавал эхний 1-2 удаагийн тос солилтын дараа хөдөлгүүрт тань хуримтлагдах “бохир” багасч, мэдээж тосны харлах нь ч багасна гэсэн үг.